Ч.Болдбаатар: Салхит уурхай ашигтай ажиллаж байна

admin@talim.mn
7 цагийн өмнө

*Монгол инженерүүдийн өндөр мэдлэг, чадвар туршлага, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчний хүч хөдөлмөрөөр Салхитын мөнгө-алтны уурхай ашигтай ажиллаж байна.

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер, уул уурхайн шинжлэх ухааны докторантур Ч.Болдбаатартай тус компанийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын талаар ярилцлаа.

-Танай компани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Салхитын мөнгөний орд хэр ашигтай ажиллаж байгаа вэ?

- Салхитын мөнгө-алтны ордын нөөц бол анхнаасаа хязгаарлагдмал байсан шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлээс нь харсан ч маш ойлгомжтой асуудал. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хятадууд өнгөтэй, өөдтэйг нь олборлоод зарчихсан байх үед Монгол Улсын Засгийн газар уурхайг хүлээж авч байлаа. Анхны Техник, эдийн засгийн үндэслэлээр бол 462.6 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, энэхүү төлбөрөөр тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөр болох 1.2 их наядаас төлөлцөх тооцоог гаргаж байсан юм. Хариу нь ойлгомжтой л бодлого байсан. Харин өнөөдрийн байдлаар бид ойролцоогоор 500 гаруй тэрбум төгрөг хуримтлуулж, улсын төсөвт 208.7 тэрбум төгрөгийн татвар, Эрдэнэс бондын төлбөрт 293.3 тэрбум төгрөгийг төлж, төлөвлөгөөгөө одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгөөр давуулаад биелүүлчихсэн байна. Энэ бол 2025 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тоо мэдээлэл ороогүй тоо шүү. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ-ээр тооцоолж байснаас илүү ашигтай ажилласан.

Ийм сайн ажиллах хэмжээнд хүргэсэн гол хүчин зүйл бол уулын болон баяжуулалтын инженерүүдийн өндөр ур чадвар, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчний нөр их хүч хөдөлмөр, маш нарийн тооцоо судалгаа, удирдлагын багийн сайн менежмент хийснийх юм л даа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн оролцоо, дэмжлэгийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ компанийн ажил үргэлж дардан замаар урагшилж ирсэн гэвэл өрөөсгөл. Хүдрийн нөөц багасах, хүдэр дэх мөнгө, алтны агуулга буурах, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулах, эрчим хүчний хязгаарлалт хийгдэх гэх мэт биднээс шалтгаалахгүй янз бүрийн саад бэрхшээл тулгарна. Энэ бүхнийг давахын тулд бид нөөц бололцоогоо шавхаж, компанийн үйл ажиллагааг ашигтай байлгахын төлөө тасралтгүй хичээж өдийг хүрсэн.

Олон нийтийн дунд яригдаад байгаа шиг Салхитын мөнгө-алтны ордын нөөц дуусаж, дампуурлаа зарласан зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Алт Ресурс” компани цаашид ч ашигтай ажиллах ирээдүйтэй Төрийн өмчит компани.

-Төр данхар бүтэцтэй байна, тэр хэрээр төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажиллаж байна гэсэн асуудал байнгын сэдэв байсаар ирсэн. Үнэхээр ч мянга мянган ажиллагсадтай компаниудын ашигтай ажиллаж байгаа эсэхэд эргэлзэхээс өөр аргагүй юм. Танай компани ямар бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Манай компани маш цомхон бүтэцтэй. Ердөө 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм хэмжээний хүний нөөцөөр л дээрх үр ашгийг үйлдвэрлээд байгаа л гэсэн үг. Хэдийгээр дээрх бүтцээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай уурхай нэг ээлжид туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудыг оруулаад 430 хүнийг ажлын байраар хангаж байна. Манай компанийн нэг ажилтан 2024 оны санхүүгийн жилд 1.2 тэрбум төгрөгийн ашгийг үйлдвэрлэсэн байна. Зөвхөн нэг ажилтны үйлдвэрлэсэн ашиг шүү. Энэ нь тоон үзүүлэлтээрээ нэгдлийн хэмжээний компаниудын 2 дугаарт эрэмбэлэгдэж байгаа.

-Энэ онд хийгдэх ямар ажлууд байна вэ? Үндсэн хүдрийн биетийн нөөц дуусаж байгаа гэж сонссон юм байна?

-Үндсэн хүдрийн биетийн нөөц энэ ондоо дуусна. Гэхдээ манай баяжуулах үйлдвэр 2025 онд ТЭЗҮ-д заасан хүчин чадлаараа бүрэн ажиллана. Энэ нь бид мөнгө-алтны баяжмалаа үйлдвэрлэсээр л байна гэсэн үг.

Салхитын үндсэн ордын зүүн талд залгуулаад алтны томоохон хүдрийн биетийг илрүүлсэн. Үүнийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, нөөцийн тооцоог хамгаалах ажил судалгааны шатандаа явж байна. Мөн зэрэгцүүлээд бид флотациар баяжуулаад гарсан хаягдал хүдрийг бага агуулгатай хаягдлаар дахин боловсруулах судалгааг БНСУ болон БНХАУ зэрэг гадна дотнын мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж байгаа. Металл авалт 80-90 хувьтай гарах тооцоо гарсан учраас бид өндөр хүлээлттэй байна. Салхитын зүүн тал дээр 2.7 тонн алт буюу 5 сая тонн хүдрийг ил болон далд уурхайгаар ашиглах тооцоо судалгааг хийж байна. Энэ мэтчилэн судалгаа, тооцоо хийж байгаа төдийгүй дараагийн төслүүд эхлэхтэй зэрэгцүүлэн олборлоод дуусах гэж байгаа үндсэн ордын ил уурхайнхаа техникийн нөхөн сэргээлтийг хийгээд эхэлчихсэн явж байна. Өнгөрсөн онд манай компани Монгол Улсын хэмжээнд анх удаа өөрийн зардлаар 11 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, овоолгыг хэлбэршүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ онд ийм хэмжээний ажлыг төсөвт суулгасан, биологийн нөхөн сэргээлт энэ жил үргэлжлүүлэн хийгдэнэ.

-Салхитын мөнгөний ордын эдгээр ажлуудаас гадна хайгуулын ажлуудаа эрчимжүүлж байгаа юу?

- Тийм ээ. Хайгуулын ажил эрчимтэй явж байна. Энэ оноос Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай суманд алтны үндсэн ордын хоёр тусгай зөвшөөрөлтэй газарт 20 мянга болон 16 мянган га талбайд хайгуул хийж, нэг талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч, ТЭЗҮ-г боловсруулж, 2026 онд энэ төслийг эхлүүлэхээр бэлтгэл байдлыг хангаж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны 12 сард баталгаажуулж авсан.

Түүнчлэн Баянхонгор аймагт эзэмшиж буй нэр бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажлыг гүйцэтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудаас энэ чиглэлээр хамтарч ажиллах саналууд ч ирж байгаа. Тэдэнтэй санамж бичиг байгуулан судалгаа, тооцооны ажлуудаа явуулж байна.

-Салхитын уурхай баяжуулах хоёр үйлдвэртэй. Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу?

-Нэг баяжуулах үйлдвэр маань 300 мянган тонн, нөгөө нь 600 мянган тонныг баяжуулах хүчин чадалтай. Нийт гурван шугам, хоёр үйлдвэр нийлээд 900 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулж байна.

-Танай компани нийгэм, эдийн засагт нэн чухал хэрэгтэй хэд хэдэн ажлыг зохион байгуулсан байдаг. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Канадын МERIT төслийн багтай хамтран Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулсан гэх мэт. Энэ талаар мэдээлэл өгөөч.

- Салхитын мөнгөний орд нь төрийн мэдэлд шилжсэнээр тэтгэврийн зээлтэй болон зээлгүй байсан нийт 466567 ахмад настны эдийн засгийн асуудлыг их, бага хэмжээгээр шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын иргэд газрын хэвлийд буй байгалийн баялгийн үр өгөөжийг шууд хүртсэн гэсэн үг.

Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн MERIT төслийн хүрээнд Салхитын мөнгө, алтны уурхайд хоёр жилийн хугацаатай хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулсан.

Өнгөрсөн онд хаалтын төлөвлөгөөг бүрэн эхээр нь холбогдох газруудад хүлээлгэж өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Усны сав газар газартай Санамж бичиг байгуулснаар Монгол Улсад уурхайн хаалтын нөхөн сэргээлтийг жишиг байдлаар төрийн өмчит компани хийж гүйцэтгэлээ.

Төрийн өмчит компани бол ашигласан газраа хаяж орхигдуулдаггүй гэдгийг харуулахын тулд бид хичээж ажиллаж байна. Өнгөрсөн жилээс эхлээд жил болгон төсөвтөө тодорхой хэмжээний мөнгө суулгаж, жишиг төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд одоогоор ил уурхайд үүссэн 3,6 сая куб.метр уулын цул, овоолгыг хэлбэршүүлээд налуулж эхэлж байна. Энэ хэсэг өнгөрсөн жил 11 га талбай байсан бол энэ жил дахин 13 га газрыг төлөвлөн техникийн нөхөн сэргээлтээ хийж байгаа юм. Биологийн нөхөн сэргээлтэд энэ жил мөн нэлээд хөрөнгө хүч зарцуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уурхайн бүсдээ 250 мянган ширхэг модыг тариалан нутагшуулаад байна. Нөхөн сэргээлтийг олборлолттойгоо зэрэгцүүлээд явж буйгаараа ихээхэн онцлог юм.

-“Эрдэнэс Алт Ресурс” компани орон нутагтайгаа, уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдтэйгээ хэр ойрхон холбоо, харилцаатай ажиллаж байна вэ? Уурхайн хаалтын жишиг төлөвлөгөөний төслийг боловсруулах явцдаа талуудын оролцоог сайн хангаж ажилласан шүү дээ?

- MERIT төслийн хүрээнд орон нутгийн иргэдтэй тогтмол уулзалтуудыг зохион байгуулж, уурхайн хаалтын жишиг төлөвлөгөөнд тэдний саналыг авч тусгаснаар бидний хамтын ажиллагаа илүү бэхэжсэн гэж хэлж болно. Дундговь аймгийн болон Гурвансайхан сум, Чулуут багийн Засаг дарга нар ард иргэддээ төслийн үнэ цэн, уурхайн хаалтын талаар маш сайн ойлголт өгсөн. Нутгийн иргэд уурхайн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Компанийн зүгээс ч тэдэнд бүх мэдээллээ цаг тухай бүрд нээлттэй өгч талархалтайгаар хамтран ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Галд өртсөн "Шинэ мөрөн" худалдааны төвийн хохирол 5,2 тэр бум төгрөги… 1 цагийн өмнө
Хойд бүсийн зөвлөлийн даргаар Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир … 2 цагийн өмнө
АН-ын бүлэг "Ерөнхий сайд УИХ-ыг суртал ухуулгын талбар болгож байна. … 4 цагийн өмнө
​Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт зохион байгуула… 6 цагийн өмнө
Ч.Болдбаатар: Салхит уурхай ашигтай ажиллаж байна 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ас… 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Ард” кино театрыг төр нь, хувийн хэвшил н… 2025/04/25
Ерөнхий сайд баялгийн сангийн гурван санг хараат бус гадны удирдлагаар… 2025/04/25
ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМАНД УУЛ УУРХАЙН КОМПАНИЙН 128 АЖИЛТАН ХООЛН… 2025/04/25
Малайзад нас барсан Б.Оргил-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, … 2025/04/25
Булган аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хамтран ажиллах… 2025/04/25
Өмнөговь аймагт уурхайн 2300 гаруй хүн хоолны хордлого авчээ 2025/04/25
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монг… 2025/04/25
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг нээлээ 2025/04/25
Жүдогийн Азийн АШТ-д Монголын 18 тамирчин барилдана 2025/04/25
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох т… 2025/04/24
Б.Намуун: Миний аав хэнд ч өргүй ээ! 2025/04/24
Улсын дээд шүүх Д.Нямхүүд холбогдсон хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхи… 2025/04/24
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ. 2025/04/24
Эрүүл Шүд-Эрүүл Хүүхэд-Эрүүл Булган 2025/04/23