Эдгээр адууг 2026 оны долдугаар сарын 6-нд тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад авчирсан байна.
Монгол адууны өв соёл, нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Морьт цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байсан 20 монгол адуу эх орондоо ирлээ. Тодруулбал, эдгээр адууг 2026 оны долдугаар сарын 6-нд тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад авчирсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн захирамжаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд энэ хүрээнд Вьетнамын талд хүсэлт тавьсны дагуу Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 адууг эх оронд нь буцаан өгөхөөр шийдвэрлэжээ.
Эдгээр адууг анх 2020 оны нэгдүгээр сард Вьетнам Улсад Морьт цагдаагийн албыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүргэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус улсын цагдаагийн байгууллагад сургаж, үүрэг гүйцэтгүүлсэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онд адууны арчилгаа, сургалт, дадлага туршлагын чиглэлээр харилцан ажиллаж, мэргэжлийн туршлага солилцжээ. Эх орондоо ирсэн 20 адууг цаашид арчлан хамгаалах ажлыг холбогдох байгууллагууд хариуцан ажиллах юм. Монгол адуу нь олон зууны турш монголчуудын ахуй, соёл, түүхийн салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд энэ үйл явдал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн бэлгэдэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна