Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

admin@talim.mn
2026/06/11

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлоод, төр, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон сууцны корпорацийн аль нь ч хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөхгүй гэдгийг тодотгож байлаа.  


Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл:

Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдийн 55.9 хувь буюу 265,802 нь гэр хорооллын бүсэд, дэд бүтцийн шаардлага хангаагүй байшин, гэр, сууцанд амьдарч хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бий болгож буй аж. Нөгөө талаас орон сууцны үнийн бүтцэд газар, дэд бүтцийн зардал 18-32, барилгын өөрийн өртөг 40-49, банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн зардал 14-20, хөрөнгө оруулагчийн ашиг 16-30 хувийн нөлөөтэй байгаа юм байна. Орон сууцны хүртээмж орлогын түвшнээс ихээхэн хамаарч бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна.  


Төсөл нь нийт 7 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд орон сууцжуулах үйл ажиллагааны зарчмыг тогтоож, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулах, дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн орлогын түвшин, амьжиргааны нөхцөлд үндэслэн нийгмийн, хөлсний, хөлслөөд өмчлөх зэрэг орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох, улмаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Үндэсний орон сууцны корпораци” болон “Орон сууцны корпораци”-ийн эрх зүйн байдал, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох үндсэн зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцжуулах бодлого нэгдсэн тогтолцоотой болж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ барилга, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаа идэвхжин ажлын байр нэмэгдэх, гэр хорооллын бүсийн орон сууцжуулалт эрчимжиж агаар, хөрсний бохирдол буурах, хөрөнгийн зах зээлд орон сууцны санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрэх боломж бүрдэх, улмаар бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодит нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл:

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг тогтвортой, хариуцлагатай, мэргэжлийн институтийн тогтолцоонд хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах хүрээнд тэдний худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц худалдан авах боломж, сонголтыг өргөжүүлэх, орон сууцны санхүүжилтийн хүртээмж, өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэх, бага өртөгтэй санхүүжилтийн хүртээмжийг хамгаалах, улмаар үндэсний эдийн засагт орон сууцны салбарын тогтвортой, зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжихэд чиглэжээ.


Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны ердийн үйл ажиллагаанаас тодорхой ялгаж, тусгайлсан мандаттай байхаар зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хадгалах, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аливаа банканд давуу байдал бий болгох хэлцэл хийх, улс төрийн нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагааг хориглосон нь байгууллагын зорилгыг гажуудуулах, төрийн бодлогын санхүүжилтийг арилжааны бусад эрсдэлд ашиглах, сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт болно гэж төсөл санаачлагчид үзжээ.


Мөн төсөлд ипотекийн зээлийн эх үүсвэрийг урт хугацаанд тогтвортой, төрөлжсөн байх зохицуулалт, хууль эрх зүйн үндэслэлийг тусгасан байна. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь үнэт цаас гаргах, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах, орон сууцны зээлээр баталгаажсан санхүүгийн хэрэгсэл худалдан авах замаар банкуудад санхүүжилт олгоно. Ингэснээр банкны салбарын эх үүсвэрийн хугацааны зөрүү, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулж, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг илүү тогтвортой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10