Эхийг нь эцээж, тугалыг нь тураагаагүй ховорхон айлчлал

admin@talim.mn
2026/06/10

Хятадын дарга Ши Жиньпиний Хойд Солонгос дахь ховорхон айлчлал зургадугаар сарын 9-нд өндөрлөв. Айлчлалын талаар Хойд Солонгос болон Хятадын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллүүдийг бататгах амар биш. Гэхдээ хоёр удирдагч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг огт дурдаагүй, гагцхүү бусад талбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар л ярилцаж хэлэлцсэн бололтой.

Үндсэндээ талууд хэн хэн нь энэ уулзалтаас өөрт ашигтай зүйлээ олж авсан гэж үзэж байна. Ши Жиньпин Хойд Солонгос дахь нөлөөгөө бататгаж чадсан бол тусгаарлагдсан улсын удирдагч Ким Жон Ун эдийн засаг, улс төрийн тодорхой үр өгөөж хүртэж чадав.

Ши Жиньпинийг Хятадын улс төрийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд дагалдсан билээ. Үүнд, Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист намын Төв хорооны ерөнхий газрын дарга Цай Чи, Батлан хамгаалахын сайд Дун Жун, Худалдааны сайд Ван Вэньтао нар багтжээ.

Хятадын дарга Ши Жиньпин энэ үеэр Бээжин, Пёньяны ээдрээтэй уламжлалт холбоотны харилцааг шинэ өндөрлөгт гаргахаа амлалаа. Үүний зэрэгцээ худалдаа, хөдөө аж ахуй, барилга байгууламж болон технологийн салбар зэрэг өргөн хүрээний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улс өөрсдийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг тууштай хамгаалах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Оройн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ "Хятад, Хойд Солонгос хоёр улс уул усаараа холбогдсон, нэгэн хувь заяат түүхтэй" гэжээ. Түүнчлэн цаг үеийн чиг хандлагыг тодорхойлж, дээд түвшний хамтын ажиллагаа болон ард иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх тал дээр Ким Жон Унтай чухал зөвшилцөлд хүрсэн гэдгийг Хятадын төрийн хэвлэлд мэдээлсэн байна.

Хариуд нь Ким Жон Ун Хойд Солонгос, Хятад хоёр улс найрамдалт харилцаагаа чухалчлан хадгалах нь нэн тэргүүний зорилт гэдгийг нотолжээ. Тэрбээр Ши Жиньпинийг төрийн хамгийн хүндэт зочин хэмээн нэрлэж, энэ жилийн анхны гадаад айлчлалаараа Хойд Солонгосыг сонгосон нь манай улсад үзүүлж буй хамгийн том дэмжлэг гэж хэлсэн байна.

Үүнээс гадна Ким Жон Ун Бээжингийн баримталдаг "Нэг Хятад" зарчим болон Коммунист намын бодлогуудыг тууштай дэмжихээ дахин нотолжээ.

Хоёр улс найрамдалт харилцааныхаа талаар энэ мэтчилэн ам уралдан ярьдаг ч Хойд Солонгосын цөмийн амбиц энэ харилцаанд өргөс болсоор ирсэн билээ.

Ши Жиньпин энэ сэдвийг олон нийтийн өмнө огт дурдаагүй нь цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөгдөхийг тэсгэлгүй хүсдэг Ким Жон Уны хувьд том бэлэг болжээ. Нөхцөл байдал үндсэндээ Ши Жиньпиний 2019 оны айлчлалаас тэс өөр байлаа. Тухайн үед Хятадын хэвлэлүүд "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад Бээжин бүтээлч үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байна" гэх Ши Жиньпиний үгийг эш татаж байв.

Ши Жиньпиний 2019 оны айлчлал Ким Жон Ун, Дональд Трамп нарын Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний араас болсон юм. Энэ жил ч ялгаагүй, Ши Жиньпин, Трамп хоёрын уулзалтаас хэдхэн хоногийн дараа энэ айлчлал боллоо. Угтаа бол Цагаан ордноос тухайн үед мэдээлснээр, Ши Жиньпин, Трамп нар уулзахдаа Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хамтын зорилгоо дахин нотолсон гэх.

Гэвч Ким Жон Уны дүү охин Ким Ё Жон Хятадын даргын айлчлалын өмнөхөн "Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт ухрах зам үгүй" гэж эрс шийдэмгий мэдэгдсэн билээ.

ОХУ-тай тогтоосон харилцаа нь улам бүр өргөжин тэлж байгаа нь Ким Жон Уныг 2019 оныхтой харьцуулахад хэлэлцээрийн ширээний ард илүү ашигтай байр сууринд авчирсан гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, Сөүлд төвтэй Сэжон институтийн Хойд Солонгосын эдийн засгийн тогтолцооны шинжээч Чой Эн Жү "Хойд Солонгос одоо дипломат болон эдийн засгийн дэмжлэг авах өөр эх үүсвэртэй болсон учир Хятадаас хараат байдал нь буурч байгаа. Ким Жон Ун энэ давуу талаа ашиглан худалдааг өргөжүүлэх, эрчим хүч, хүнсний тусламж авах, түүнчлэн Хятадын жуулчдыг олноор татах зэрэг бодит үр дүнгүүдийг дээд хэмжээний уулзалтаас гаргаж авахыг хичээх магадлалтай" гэжээ.

Удирдагчдын уулзалтын өмнөхөн Хойд Солонгос, Хятад хоорондын суудлын галт тэрэгний үйлчилгээ болон Хятадын төрийн өмчит агаарын тээврийн компанийн шууд нислэгийг сэргээсэн билээ. Энэ нь 2020 онд хилээ бүрмөсөн хаасан Хойд Солонгос улс үүд хаалгаа нээж эхэлж буйн илрэл юм. "NK News" агентлагийн мэдээлснээр, цар тахлын өмнө Хойд Солонгосыг зорьсон жуулчдын дийлэнхийг Хятадын жуулчид бүрдүүлдэг байсан аж. 2019 онд л гэхэд 350 мянган хятад жуулчин хүлээн авсан нь Хойд Солонгосын хувьд томоохон орлогын эх үүсвэр болж байжээ.

Айлчлалын хүрээнд Ши Жиньпин, Ким Жон Ун нар Хятад-Хойд Солонгосын Найрамдлын цамхагт зочилсон байна. Тус цамхаг нь Солонгосын дайнд оролцож байсан Хятадын дайчдын дурсгалыг хүндэтгэх зориулалттай бөгөөд Ши, Ким нар амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлж, хэсэг хугацаанд чимээгүй зогсжээ. Мөн хоёр удирдагч Солонгосын Хөдөлмөрийн намын Намын төв сургуульд зочилсон байна. Тус сургууль нь Хойд Солонгосын улс төрийн боловсрол олгодог хамгийн дээд түвшний байгууллага юм. Удирдагчид сургуулийн лекцийн танхимаар орж, хичээлийн явцтай танилцсан бөгөөд сургуулийн хотхоныг цахилгаан машинаар тойрч, Хятад, Хойд Солонгосын мөнхийн найрамдлыг бэлгэдэн гацуур мод тарьжээ.

45


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10