АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын албан тушаалтнууд үг хаялцаж эхэллээ. Энэ нь Украины дайны хэлэлцээ сунжирч буй улмаас хоёр их гүрний хоорондын хурцадмал байдал даамжирч буйг харуулав.
Сүүлийн өдрүүдэд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжлэх болсон. Трамп ням гарагт “ОХУ-ын Владимир Путинтэй би маш сайн харилцаатай байж ирсэн. Гэтэл түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байна. Тэр үнэхээр галзуурчхаж. Тэр олон хүний амийг дэмий хөнөөж байна. Би зөвхөн цэргүүдийн талаар ярьсангүй. Украины хотууд руу дрон, пуужингаар ямар ч шалтгаангүй халдаж байна. Тэр зөвхөн Украины нэг хэсэг биш, бүхэл нутгийг нь эзлэхийг хүсэж байгаа гэж би хэлсээр ирсэн. Магадгүй энэ нь одоо нотлогдож байх шиг байна. Гэхдээ тэр бүгдийг нь эзлэх алхам хийвэл ОХУ нуран унах болно” гэж бичсэн.
Дараа нь мягмар гарагт /2025.05.27/ Трамп “Хэрвээ би байгаагүй бол ОХУ-д маш олон муу зүйл тохиолдох байсан гэдгийг Владимир Путин ойлгохгүй байна. Маш муу зүйл болох байсан юм. Тэр галаар наадаж байна” хэмээсэн юм. Трамп нэмж лхагва гарагт /2025.05.28/ шүүмжлэхдээ “Тэр биднийг төөрөгдүүлж байгаа эсэхийг олж мэдэх болно. Хэрвээ тийм бол бид арай өөр арга хэмжээ авна. Долоо хоног эсвэл хоёр долоо хоногийн дотор төөрөгдүүлж байгаа эсэхийг олж тогтооно” гэж нийтлэл оруулав.
Путинийг галзуурчхаж гэж хэлсний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хэлэлцээ бол маш чухал маш, мэдээжийн хэрэг ийм үед хүн бүрд сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн ачаалал ирдэг” хэмээсэн юм.
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мөн Трампт хариу өгсөн байна. Трамп Путинийг галаар тоглож байна гэсний дараа Медведев “Путин галаар тоглож байна, Орост маш муу зүйл тохиолдож байна гэж хэлсэн Трампын үгний тухайд хэлэхэд, би ганцхан л маш муу зүйлийг мэднэ. Дэлхийн III дайн. Трамп үүнийг ойлгож байгаа гэж найдаж байна” гэжээ.
Трамп лхагва гарагт шүүмжлэлтэй нийтлэл сошиал хуудас дээрээ оруулсны дараа Путиний зөвлөх Юрий Ушаков “Трамп дайнтай холбоотой хангалттай мэдээлэл авч чадахгүй байна” хэмээсэн юм.
Ушаков Павел Зарубинтэй ярилцахдаа “Трампын хэлж буй бүхнийг бид уншиж, хянаж байгаа. Тэр Украин-Оросын мөргөлдөөний бодит байдалтай холбоотой хангалттай мэдээлэл авч чадахгүй байна хэмээн бид дүгнэсэн” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Ялангуяа, энгийн иргэд амьдардаг Оросын хотууд руу Украин хэр том хүрээтэй террорист халдлага хийж байгааг тэр сайн мэдэхгүй байна. Харин бидний авч буй хариу арга хэмжээ л түүний чихэнд хүрдэг. Бид цэргийн байгууламж болон зэвсгийн үйлдвэрүүд рүү цохилт өгч байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.
Трамп Москвагийн Тал Дээр Илүү Хатуу Байр Суурь Илэрхийлэх Болсон Тул Конгрессын Гишүүд ОХУ-Д Нэмж Хориг Тавихыг Уриалж Эхэлжээ. Тухайлбал Ардчилсан Намын Сенатор Чак Грассли Трамп Харвардын Их Сургуульд Өгдөг Санхүүжилтийг Танаж Байсан Шигээ Путинд Шийдмэг Арга Хэмжээ Авахыг Уриалсан Байна.
Трампын холбоотон Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм Путин дайныг зогсоох сонирхолгүй гэдгээ харууллаа хэмээжээ. Ардчилсан намын сенатор, Конгресс Зэвсэгт хүчний хорооны тэргүүлэх гишүүн Жек Рид, “АНУ холбоотнуудтайгаа нэгдэж, ОХУ-д шинэ хориг тавьж, эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх ёстой” гэсэн юм.
Трамп үг хэлээрээ хатуу байр суурь илэрхийлж байгаа ч ОХУ-ын эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа эсэх нь тодорхойгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ зарим шинжээчид Трампын бухимдал нэмэгдэж буйг нэг төрлийн өнгө аясын өөрчлөлт гэж харж байгаа аж.
Барак Обамагийн захиргаанд ажиллаж байсан дипломатч Бретт Брюэн “Үүнийг би тодорхой хэмжээний өнгө аясын өөрчлөлт гэж харж байна. Трамп хүссэн бүхнийг нь зүгээр л олгочихгүй гэсэн дохио Путинд гэж байж магадгүй. Тэр иймэрхүү арга барилыг өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дээр ашиглаж байсан. Нэг бол заналхийлж, нөгөө талдаа хэлэлцээр хийх гэж оролдсон. Гэхдээ эцэст нь ямар ч том амжилтад хүрээгүй” гэж хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленский мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Трамптай Ватиканд уулзах үеэр тэр ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихыг дэмжинэ гэх дохио өгсөн гэсэн юм. Зеленский “Миний ойлгосноор, Путин гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол АНУ хатуу хориг тавих бодлогоо үргэлжлүүлнэ” хэмээсэн байна.
Кремль гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй бол нэмж хориг тавина гэж Трамп хэд хэдэн удаа хэлсэн. ОХУ гал зогсоох асуудлыг тойрсоор байсан тул Европын холбоо Вашингтоныг хүлээлгүй шинэ хориг арга хэмжээ авсан юм. Лхагва гарагт сэтгүүлчид Трампаас яагаад ОХУ-д хориг тавихаас татгалзаж буйг нь асуужээ. Үүнд тэр хариулахдаа хэлэлцээнд хүрэхэд ойртсон гэж бодож байгаа учир шинэ хориг тавьж бусниулмааргүй байна гэсэн юм.
Гадаадын удирдагчид болон АНУ-ын хууль тогтоогчид Трамп үнэхээр хэлснээрээ ОХУ-ын эсрэг арга хэмжээ авах уу гэж хүлээх зуур Трамп Путинтэй биечлэн уулзах шаардлагатай байж магадгүй гэсэн дохио өгч байна.
Энэ сарын эхээр Туркт Киев, Москва сүүлийн гурван жилд анхны удаа хэлэлцсэн. Тус хэлэлцээнд Путин оролцоогүй явдалд Трамп нэг их ач холбогдол өгөлгүй “Би өөрөө очоогүй байхад Путин очих хэрэггүй шүү дээ” гэсэн юм. Тэр энэ зун Путинтэй биечлэн уулзах боломжтой талаар олон удаа ярьсан ч яг хэзээ, хаана уулзах нь тодорхойгүй хэвээр.
АНУ ингэж цаг алдсаар байх нь Путины хувьд ашигтай байх болно гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Брюэн “Трамп Кремльтэй дипломат харилцаа тогтоох ямар хэцүү болохыг одоо ойлгож байгаа байх. Тэр Путинийг дэндүү энгийн хүн гэж үнэлж байсан байх магадлалтай” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна