МАН Монголоо биш, намаа бодлоо

admin@talim.mn
2025/05/27

Улс төрийн амьдрал дээр, дооргүй л бужигнаантай байна. Хамтарсан Засгийн газрыг огцруулагсад зөөлөн суудалд тухлах гээд хамаг юмны түрүүнд л гүйлдэж байх шиг. Эрх баригч нам тогоон дотроо алалцаж байгаа процессыг хөндлөнгийн шинжээч нар гярхай дүгнэж байгаа харагдлаа. Яг үнэндээ “МАН Монголоо бодсонгүй, намаа бодлоо” гэж ажиглагч нар үзэж байна. Хэрэв эрх баригч хүчин Монголоо бодсон бол хамтарсан засгийг тогтвортой ажиллуулах байлаа. Засгийн газар тогтвортой ажиллахын цаана улс орны эрх ашиг яригдана. Алсуураа ард түмний амьдралын чанар сайжирна. Мега төслүүд  хэрэгжсэнээр эдийн засаг тэлж, хөгжлийн зам зурайна гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэдмээр сэн. Харамсалтай нь МАН, АН, ХҮН намаас бүрдсэн Засгийн газар аравхан сарын л настай байжээ. МАН-ын “балчир”-ууд эрх мэдэлд очихын тулд үнэхээр тэссэнгүй бололтой юм. Тэдний хувьд энэ богинохугацаа хэдэн арван жил шиг л урт санагдсан биз.

Уг нь МАН Монголоо боддог бол мега төслүүдээс хөдөлгөхөө хөдөлгөж, урагшлуулахыг нь урагшлуулж мөнгө олохын төлөө зүтгэх байлаа. Элдэв янзын татварын дарамтаас өндийж дийлэхгүй байгаа ард түмнийхээ амьдралыг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх байлаа. Баялгийн сангаа арвижуулж, мөнгө хураах байлаа. Гадна дотноос зээл хайж эдийн засгаа эрчимжүүлэх байлаа. Хамгийн чухал нь ажил яаж явуулах вэ гэдгийг бодож, төвлөрөх байлаа. Тэгсэн чинь ганцхан шөнийн дотор санаа нь хувираад засгаа огцруулаад тавьчихлаа.

Засаг унагах нь улс орны амьдралд асар хортой. Улсын ажил гацна. Дундуур нь төрийн хулгай явна. Эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулна. За тэгээд улс орны хөгжлийг залах мега төслүүд цөм гацна. Бодоод үз л дээ, хамтарсан Засгийн газраас зарласан 14 мега төсөл аль диван галвын үед л яригдаж байсан даа. Улс төр, геополитик, бизнесийн бүлэглэл, авлигын сүлжээтэй сүлбэлдсэн хүмүүсийн нөлөөгөөр тэдгээр төслүүд 20, 30 жил түгжигдсэн шүү дээ. Харин хамтарсан засаг байгуулагдсанаар эдгээр төслийг эхнээс нь гацаанаас гаргаж чадсан. Жишээлбэл, 2004 оноос хойш яригдсан Гашуунсухайт- Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил сая эхэллээ. Ураны төсөл хөдөлсөн. Монгол газрын тос боловсруулах зээлийн гэрээ баталгаажсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг айлын талтай тохирсон. Устай болохыг насаараа хүсэн хүлээж ирсэн говийнхны мөрөөдөл биелэхэд ойрхон байлаа. Ингээд харахаар Хамтарсан Засгийн газар жил хүрэхгүй хугацаанд нийт төслийнхөө гуравны нэгийг урагшлуулчихаж. Тэгвэл одоо МАН дангаараа засгаа авбал ингэж эрчимтэй ажиллаж чадах болов уу. Эдийн засгаа сэпхийтэл нь босгоод ирж дөнгөх үү. Татвар, үнийн өсөлтийг буулгаж дийлэх үү. Иргэдийн амьжиргаа дээшилж, хувийн хэвшлийн орон зай нэмэгдэх болов уу. Амьдрал дээр ард түмэн чинь ийм л хүлээлттэй байгаа. Харин улс төрийн тавцанд хүчтэй сөрөг хүчин жинхэнэ ажлаа хийх гээд хүлээж байгааг санах хэрэгтэй. Нэг их сайхан даргын суудал дээр тансаглаад жаргаад байх юм бодож байгаа бол том эндүүрэл. Асар хүнд эдийн засаг алгаа дэлгээд тосч байгаа шүү.

Засгийн газар буунгуут төлөвлөсөн бүх зорилтууд нь ажил хэрэг болж чадалгүй архивт шилждэг. Шинэ Засгийн газар дахиад л олон мэргэн санаа сэдэж, тэрийгээ судалж, хэлэлцэж, батлах гэсээр байтал сонгуулийн жилтэй золгох биз. Засаг унагасны үр дүнд улсын ажил урагшлахгүй. Багаар бодоход 1.5 жилээр ухарна. Наанадаж нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн шинэчлэлийн ажлууд зогсоно. Авлигын эсрэг реформын ажил замхарна. Хамтарсан Засгийн газрыг унагах нь том зургаараа улс орны эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг үр дагавартай. Гэвч МАН хамтралаас зугтаж байгаа нь намдаа улс төрийн хасах оноо авчирлаа. Анхнаасаа улс төрийн ажиглагч нарт та нарын шийдвэр яаж уншигдсан бэ гэвэл МАН гомдогсдоо ажилтай болгохын тулд төр үймүүлж байна. Ялчихаад ялагдсан намын гишүүд шиг ажилгүй байгаадаа уурласан улсуудынхаа хилэнг дарахын тулд улс төрийн жүжиг тавилаа. Ерөнхийдөө гишүүдийнхээ гомдлыг арилгахын тулд амиа бодсон шийдвэр гаргалаа гэж харагдаж байна. Улс эх орны хөгжил энэ намд хамаагүй юм шиг байна. Өөрсдийнх нь намын гишүүд ажилтай, орлоготой байвал Монгол Улс баяжих, хөлжих хамаагүй ажээ. Ядуу улсууд байж яаж баяжих юм гэж бодож байж магадгүй. Эцсийн ганц зоосыг нь хүртэл татвараар сэгсрээд мөнгөө цуглуулчихдаг хүмүүст улс орон баян, ядуу байх нь ямар ч хамаагүй биз. Ажил хийх, хийхгүй нь огт сонин биш. Ингэж л харагдаж байна. Бас Х.Тэмүүжин гишүүний хэлээд байгаа нэг тайлбар бас ортой байх. Улс төрд удаж үхэхээс бусдыг үзсэн хашир гишүүн дэмий юм ярихгүй. Тэрээр Засгийн газрын хөдөлгөөнийг Ерөнхийлөгч дахин дэвших гэж үгүй ядахдаа өөрийгөө ухуулахгүй хууль гаргахын тулд засгаар тоглов гээд байгаа. Энэ ортой бол дэмий юм хийж байна даа, энэ ямар ч ашиггүй үр дүн авч ирнэ гэдгийг улс төр ажиглагчид яриад эхэлсэн байна. Эдгээрээс өөр ямар тайлбар байгааг нь бид мэдэхгүй. Далд тайлбар байдаг юм бол тэрийгээ бидэнд хэлмээр байна. МАН Монголоо бодохгүй намаа гэж байгаа нь энгийн ухамсрын түвшинд бууж ирэхгүй л байна шүү. Яг цагаа тулахаар ард түмэн бол энэ намд огт хамаагүй юм байна. Тэд зүгээр л сонгуульд дэмжин гаргаж ирж дээрээс нь татварт мөнгө төлж Ардын намыханыг баяжуулж байдаг мөнгөний машин аж.

Эх сурвалж: Өдрийн сонин М.МӨНХЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ Өчигдөр
СЭМҮТ-д олон жилийн ноцтой зөрчил илэрч, дарга Г.Анхболдыг чөлөөлжээ Өчигдөр
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцла… Өчигдөр
Булган аймгийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр олгогдож эхэлл… 2025/08/04
Франц улсаас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ 2025/08/01
100 жилээ тэмдэглэх гэж цахилгааны үнийг нэмсэн Эрчим хүчний сайд Б.Чо… 2025/08/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын өвөлжилтийн б… 2025/07/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, … 2025/07/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Юмжаагийн Цэдэнбалын хөшөө… 2025/07/28
Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг зөвхөн “Олон ни… 2025/07/24
АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЛБАН ЁСНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МЭДЭГДЭЛ Г… 2025/07/23
Г.Занданшатар: Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүр… 2025/07/18
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан эхэллээ. 2025/07/09
Худлаа ярьж, хууль зөрчин зүтгүүлсээр Б.Чойжилсүрэн Эрчим хүчний хуули… 2025/07/09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Ул… 2025/07/08
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2025/07/08
Монголбанк: Ахмадуудын тэтгэврийн зээлийг хуучин журмын дагуу 100 хувь… 2025/07/07
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД НААДМААС… 2025/07/07
Монголын боксчид дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 10 цагийн өмнө
ШХАБ-ын олон улсын кино наадамд “Эцэг” МУСК-ны найруулагч С.Баттулга “… 11 цагийн өмнө